Амттай асуулт

Таныг тодорхойлох 3 үг

  • Тууштай
  • Үнэн
  • Тэнцвэртэй /аливаа нэг зүйлд хэт туйлшралгүйгээр олон талаас нь харж, хийж гүйцэтгэдэг. /

1. Таны ажлын онцлог тал юу вэ? Эерэг болон бэрхшээлтэй тал?

Мэдээллийн ажилтан хийнэ гэдэг нь нэг талаараа олон ур чадварыг нэг зэрэг шаарддаг онцгой албан тушаал гэж би ойлгодог. Учир нь би өдөрт дунджаар 120 орчим харилцагчтай утсаар холбогдож, тэдний асуудлыг шийдвэрлэж, мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Тэд бүгд өөр өөрийн гэсэн онцлог зан чанар, сэтгэл зүйтэй ба мэдээллийг хүлээж авах байдал нь ч бас эрс ялгаатай. Тэгэхээр нас насны, олон янзын мэргэжилтэй 120 хүнд мэдээллийг богино хугацаанд оновчтой өгнө гэдэг хүнд асуудал л даа. Гэвч тэр хэрээрээ миний бусадтай харилцах харилцааны ур чадвар өдрөөс өдөрт  нэмэгдэж, хором бүрт бусдыг ойлгох, хүндлэх ухаанд суралцаж байгаагаа мэдрэх их сайхан байдаг. Мөн үүнээс гадна ажилдаа дурлаж ирэх хоёр шалтгаан байдаг.

  • Харилцагч маань миний өгсөн мэдээллийг бүрэн дүүрэн ойлгож, асуудлаа шийдвэрлээд  чин сэтгэлийн талархал илэрхийлэх агшинд маш сайхан эрч хүч, урам зориг авдаг.
  • Ажлын хамт олон маань намайг тухтай орчинд, тайван сэтгэлзүйгээр ажиллах боломжоор 100% хангаж, үргэлж дэмжин, гэр бүл шиг байдагт үнэхээр баярлаж, өглөө бүр аз жаргалтайгаар ажилдаа ирдэг дээ.

2. Ажлаасаа гадна дурлаж хийдэг зүйл?

Спиннинг-ээр хичээллэх нь миний амьдралын бас нэг жаргалтай үе болдог. Энэ спорт нь хөгжмийн аян дээрх АЭРОБЕК л гэсэн үг. Тухайн хөгжмийг  мэдрээд спиннингээр хичээллэхэд маш гоё кайф авахаас гадна, өөрийгөө ялсан мэдрэмжийг авдаг. Мөн та бүхэнд нэмж сонирхуулахад яг энэ чиглэлээрээ би “LIGHT SPINNING” сургалтын төвд багшаар ажилладаг байгаа.

3. Ашиглахгүй байж чадахгүй 3 аппликейшн

1-рт бол яалт ч үгүй банкны аппликейшн орно. Бидэнд өдөр бүр л санхүүгийн хэрэгцээ зайлшгүй тулгардаг шүү дээ. Дараагийнх нь PODCAST  апп байгаа. Алхаж байхдаа болон автобусаар зорчих үедээ байнга сонсож, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Сүүлийнх нь бол DUOLINGO гээд хятад үг цээжилдэг апп. Дэлхийн хэл гэгдэх хятад хэлийг академик түвшинд эзэмших нь миний зорилго байгаа юм.

4. Таны сонсож байсан хамгийн шилдэг зөвлөгөө

“Хүний итгэлийг дааж явна гэдэг маш том СОЁЛ” гэж хэлсэн багшийнхаа үгийг өдөр бүр санаж, хэрэгжүүлж явдаг.

5. Хэзээ маш их шантарч байсан бэ? Тэр үеийг хэрхэн даван туулсан бэ?

“СЭТГЭЛЭЭР УНАВАЛ ДООШОО ХЯЗГААРГҮЙ” гэж үг байдаг. Үнэхээр л тэгдэг юм билээ. Их сургуулийн оюутан байхдаа хувийн нэг том шалтгаанаас болж асар хүнд сэтгэл гутралд орж байсан. Гэхдээ өөрөө өөртөө хүч өгч, тэр аймшигт орон зайнаас гарч чадсандаа баяртай байдаг. Би тэмдэглэлийн дэвтэр хөтлөх дуртай л даа. Тухайн үед асуудал бүрээ бичиж, гарц гаргалгаа хайж, идэвхтэй байснаараа асуудлыг даван гарсан. Одоо бол хүнд үеэ бичихээс илүүтэй ТАЛАРХАЛ бичдэг болсон.

6. Уншигчдад хүргэх уриалга?

Модод, цэцэгс, шувууд, солонго, гэр бүл гээд харж байгаа зүйлээсээ хайрыг мэдэрч, тухайн цаг мөч, хором бүрийг сайхнаар хүлээн авч, энгийн зүйлсээс хүртэл аз жаргал, сэтгэлийн тайвшралыг мэдэрч амьдраарай гэж хэлмээр байна.